Саяхан иргэдээс асуулт авч байхдаа цагаан хорхойн тухай асуулт байхыг харсан юм. Ингээд энэ өвчний тархалтын талаар дэлгэрэнгүй мэдэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн жил гаргасан судалгааг үзлээ. Уг судалгаанд “Дэлхийд нэг өдрийн дотор 270 сая хүүхэд цагаан хорхойн халдвар авдаг” гэжээ. Мөн 2015 онд Энэтхэг улсад 900,000 орчим хүн оролцсон нэгэн арга хэмжээ болж 89 сая хүүхдийг хорхойгүйжүүлж эрүүлжүүлсэн байна. Уг үйл ажиллагаанд багш, сургуулийн болон эмнэлгийн ажилчид оролцсон аж.
Түүнчлэн өмнөх оны байдлаар Египт улсад сургуулийн насны хоёр сая хүүхэд цагаан хорхойтсон байжээ. Үүнээс гадна Азийн улс орнуудаас энэ төрлийн өвчний тархалт ихтэйгээр Казакстан, Монгол, Киргиз, Хятад, Иран, Узбекстан, Тажикстан зэрэг улсыг нэрлэсэн байна.
Уг цагаан хорхойн өвчлөл нь хүнийг ядарч туйлдуулан, эрдсийн дутагдалд оруулан, хүүхдийг сэтгэлээр унаган, сөрөг талаар зан ааш нь өөрчлөгдөхөд хүргэдэг байна. Иймд цагаан хорхойн өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар хүүхдийн эмч Н.Дуламтай ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цагаан хорхойн өвчин гэж юу вэ?
Цагаан хорхой буюу хялгасан хорхой нь шимэгч хорхойнуудын нэг юм. Ер нь хүний бие олон шимэгч хорхойн халдвар авдаг. Тэдний нэг нь хялгасан хорхойтох буюу цагаан хорхойтох юм.
Ямар шалтгааны улмаас хялгасан хорхойтдог вэ?
Хялгасан хорхойгоор өвчлөх болсон шалтгаан нь ахуйн хавьтлаас болдог. Мөн ихэвчлэн бохир гарнаас болж халддаг. Түүнчлэн хялгасан хорхой нь хүний эргэн тойронд буюу цэцэрлэгт байдаг. Тэнд хүүхдүүдийн тоглож буй зөөлөн тоглоом, хивс хивсэнцэрт өндөг байдлаараа наалдсан байдаг тул түүнээс халдвар авах боломжтой юм.
Насанд хүрсэн хүмүүс цагаан хорхойтдог уу?
Цагаан хорхойтдог. Гэхдээ хүүхдийнх шиг шинж тэмдэг нь төдийлөн илэрдэггүй, шинж тэмдэг багатай, нуугдмал байдаг. Харин хүүхдийнх бол бөгс нь загатнадаг шүү дээ. Түүнчлэн хүүхэд нь цагаан хорхойтой байвал эцэг эх нь ч гэсэн цагаан хорхойтой байна гэсэн үг. Мөн уг өвчин нь гэр бүлийн өвчин юм. Иймд эмчилгээ хийсэн ч гэр бүлээр нь хийх хэрэгтэй.
Цагаан хорхойтой удаан явснаар хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
Хүний биед шимэгч хорхой амьдарч байна гэдэг байнгын сөрөг нөлөөтэй байна. Хэрвээ амттай, амин дэмтэй зүйл идэх юм бол биений чинь хэрэгтэй эрхтэнд хүрэхгүй. Харин ч хүний өмнөөс шимэгч хорхой нь идээд байна гэсэн үг.
Ингэснээр хоол тэжээл, эрдсийн дутагдалд орон, амархан ядардаг болно. Харин хүүхдийн хувьд хэцүү. Учир нь цагаан хорхой нарийн гэдсэнд шимэгчилж амьдарч байгаа ч гэсэн анус буюу бөгсний ирмэг дээр өндгөө цацдаг. Үүний улмаас хүчтэй загатнах шинж тэмдэг илэрдэг юм. Ийнхүү шинж тэмдэг илэрсний улмаас хүүхэд нойрондоо муудаж, сэтгэцийн хямралд орно, стрессдэнэ. Учир нь нойроо бүрэн авч чадахгүй байгаа хүүхэд ядарснаасаа болж уйланхай, ааш муутай, анхаарал төвлөрөл муудах зэрэг олон шинж тэмдэг илэрдэг.
Түүнчлэн шимэгч хорхой нь янз бүрийн өөрсдийн гэсэн онцлогтой. Харин цагаан хорхой нь гэдсэнд шимэгчилж амьдардаг бөгөөд бидний хэрэглэдэг ор хөнжлийн даавуу, хувцас хунарт наалдчихсан өндөг байдлаараа байдаг. Ийм байдалтайгаа хоёр сарын хугацаанд байсны дараа аманд орвол хүний биеийн дулаанд хорхой болж шимэгчилдэг юм.
Үүнээс урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг вэ?
Урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн гол нь ахуйн болон гарын ариун цэвэр чухал. Бид гараа угаахдаа зүгээр усаар угаах бус бактерийн эсрэг савангаар байнга угааж хэвших хэрэгтэй.
Мөн ор хөнжлийн даавуу, дотуур хувцсаа заавал индүүдэж өмсөх хэрэгтэй. Учир нь наалдсан өндөг нь зүгээр угаахад арилахгүй. Индүүгээр заавал дарж байж арилдаг юм. Учир нь аливаа өвчин үүсгэж байгаа нян, бактерууд нь хэт хүйтэн, хэт халуунд тэсвэргүй байдаг юм. Энэ үед нь индүүдэж ариутгаж байна гэсэн үг. Ингээд ахуйн хэрэглээний ариун цэврээ сайн сахих юм бол урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн цэцэрлэгт цэвэрлэгээгээ сайн хийж байх хэрэгтэй.
Эмчлэх ямар төрлийн аргууд байдаг вэ?
Энэ бол эмчилгээнд маш сайн үр дүн авдаг өвчин юм. Мөн шимэгч хорхойн олон янзын эмнүүд байдаг. Уг эмнүүдээ эмчийн заавраар, тухайн хүүхдийн жинг нь бодож нэг удаа уулгадаг. Мөн цагаан хорхойн өвчин нь гэр бүлээрээ эмчилгээ хийлгэдэг онцлогтой юм. Ийнхүү гэр бүлээрээ эмээ ууснаас 14 хоногийн дараа дахин давтан уух шаардлагатай. Уг эм нь амьд байгаа цагаан хорхойг устгадаг. Харин өндөг байгаад нь нөлөөлдөггүй. Иймд тэдгээр өндгийг авгалдай, хорхой болоход нь устгахын тулд эмчилгээгээ дахин хийх шаардлагатай байдаг.
Мөн өмнө хэлсэнчлэн ариун цэвэр, ахуйн хэрэгслээ бүгдийг нь сайн ариутгаж угаах хэрэгтэй.
Цагаан хорхойн эмийг их хэрэглэхээс хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү?
Цагаан хорхойн эм чинь шимэгч хорхойн эсрэг тул хүний бие махбодид хортой тал бий. Ер нь бүх эм хортой. Иймд эмчилгээний тунгаараа хэрэглэсэн тохиолдолд хортой нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ ойр ойрхон уугаад байвал бүх эм хортой нөлөө үзүүлдэг.
Уламжлалт аргаар эмчлэх аргийн тухай ярьвал?
Манай Монголчууд сармисны ханд хийх арга хэрэглэдэг. Энэ бол үйлчилгээгүй арга биш юм. Учир нь сармис олон бактерийн эсрэг нөлөө үзүүлдэг. Судалгаагаар 200 орчим ашигтай талтай гэсэн. Иймд сармисыг цагаан хорхой өвчний үед хэрэглэвэл зовиур нь багасдаг.
Манай уншигчдад хандаж үг хэлнэ үү?
Хувийн болон ахуйн ариун цэврээ сайн баримтлах хэрэгтэй шүү.
Ярилцсан танд баярлалаа
Цагаан хорхойгүй мөртлөө цагаан хорхойны эм уувал яах вэ сөрөг нөлөө их үү
ReplyDeleteЦагаан хорхойгүй мөртлөө цагаан хорхойны эм ихээр уувал яах вэ
ReplyDelete