Талархал бол сэтгэл зүйн эмчилгээ юм.

Өнөөгийн нийгэмд ард иргэдийг бухимдуулах олон хүчин зүйлс байдаг болжээ. Жишээ нь, өвлийн цагт утаа униарт дарагдан бохир агаараар амьсгалж, гэртээ харихын хооронд олон цагаар зам дээр машинтайгаа түгжрэн зогсох, банкинд дугаарлан зогсох нь олонтоо билээ. Үүнээс гадна хүүхэд залуучууд маань компьютер тоглоом, мөрийтэй тоглоом, мансууруулах бодисонд донтож, газ үнэрлэх зэрэг тохиолдол гарсаар байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр үнэн худал нь үл мэдэгдэх хар бараан мэдээлэл цацагдаж байгаа нь иргэдийг нийгмээсээ айн, жихүүцэх, цочролд орж, улмаар стрессдэх зэрэг сөрөг үр дагаварт хүргээд байгаа юм.  Иймд олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсээс хэрхэн ангижрах, эдгээр зүйлсийг яаж даван туулах арга замыг асуухаар “Майнд Лайф” эмнэлэгийн захирал Ciaran O'Connor ярилцлаа. 



Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. 
Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. 
Баярлалаа. Та бол мэргэжлийн сэтгэл зүйч, эмч хүн билээ. Иймд танаас нийгмийн сэтгэл зүйн талаар хэдэн зүйл асуух гэсэн юм. Өнөөгийн нийгэмд иргэдийг стрессдүүлж, бухимдуулах зүйл их болжээ. Тийм болохоор “стресс” гэх энэ зүйл хэрхэн бий болдог талаар хэлж болох уу? 
Энэ бол хүмүүсийн өөрсдийнх нь сэтгэл зүйтэй маш холбоотой. Мөн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээ цацаж буй байдал ихээр нөлөөлж байгаа юм. “Чи чадна” гэвэл чадна. Яагаад гэвэл чи өөрөө чадна гэж хэлсэн учраас гэдэг. Гэтэл чи чадахгүй гэж бодож байвал чадахгүй. Учир нь чи өөрөө чадахгүй гэсэн шүү дээ. Харин мэдээ мэдээлэл нь энэ шиг зүйлийг бий болгоод байгаа юм. Тодруулбал, стрессгүй хүмүүсийг ч стрессдүүлээд эхэлж байна. Иймээс хувь хүн өөрөө хэрхэн яаж стрессдэхгүй байх вэ гэдгийг дадлагажих ёстой болж байгаа юм. Одоо үед би ч стрессдэж байна. Сайтууд руу орох, фэйсбүүкээрээ нэвтэрхээр л бага насны хүүхдэд тохиолдсон гэх аймшигт мэдээнүүд дүүрэн байдаг. Бид чинь эх хүн, охин хүүхэдтэй хүмүүс шүү дээ. Бүгд л энэ мэдээллийг хараад хямрахдаа “Энэ нийгэм яаж байна вэ? Юу болоод байна?” гэцгээдэг. Гэхдээ энэ тоо нь үнэхээр ихсээд байгаа юмуу? Бодит мэдээ мөн үү үгүй юу гэдгийг бид ерөөсөө мэддэггүй. 
Одоо үед чинь худал юмийг хүртэл бичдэг болж. Мөн төр засаг нь юу болоод байгааг ч ойлгож, учрыг нь олохын аргагүй эвлүүлэг гэмээр хачин мэдээллүүд цацагддаг. Энэ нь хүн болгонд стресс үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Түүнчлэн манай иргэдийн амьдрал тийм ч таатай, аятайхан биш. Нэг айлд л гэхэд өр зээлгүй хүн алга. Тэтгэвэрийн зээл, цалингийн зээл гэх мэт эдийн засгийн тал дээр хямарсан байдалтай байна. Өөр нэг судалгаанаас үзэхэд “Айлд бүрт архины асуудалтай хүн байдаг” гэжээ. 
Ийм байхад нь эдийн засаг хямарч байна гээд мэдээллээд байхаар “Бид балрахнээ. Элгээрээ газар хэвтэхнээ” гэх сэтгэлгээг үүсгээд байдаг. 
Дэлхийн улс орон бүрт эдийн засгийн хямрал байдаг. Үүнээс яаж гарах вэ гэх арга замаа хайж л байдаг. Гэтэл манай улсад хүмүүс ажилласан цалингаа авч байна, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ айхтар өсөөгүй байгааг харахад тийм айхтар эдийн засгийн хямрал гээд байгаа нь гайгүй ч юм шиг ажиглагдаж байна. Энэ хямрал гэж зүйл нь хиймэл сэтгэл зүйн хоосролыг бий болгожээ.
Та сая сэтгэл зүйн хоосрол гэлээ. Тэгвэл энэ зүйлээс хүмүүс яаж гарах вэ? 
Гадаад улсад хүн бүр л хуулийн зөвлөх, сэтгэл зүйч, өрхийн эмчтэй байдаг. Би хэрвээ найзтайгаа уулзаад нэгэн мэдээллийн тухай муулж сайлаад болов ярилаа гэхэд сэтгэл зүйн хувьд тайвшрал, тайтгаралын авч чаддаггүй. Харин сэтгэл зүйч гэж хүн дээр очвол асуудлаа шийдэхэд тусална. Тэд чамд тулгарч буй асуудал юу вэ? гэдэгт анхаарлаа төвлөрүүлж байдаг. Одоо үед сэтгэл зүйн салбар өргөн хүрээтэй болж, сэтгэл зүйчид их болж байна. Иймд иргэд маань сэтгэл зүйчид ханддаг байгаасайгэж хүсдэг. 
Мөн хүмүүс өөрт байгаа зүйлдээ “Талархан” амьдрах хэрэгтэй. Хэт их зүйл мөрөөдөж, зорилт тавиад, өөрийнхөө даахгүй зүйлийг төлөвлөчихөөд тэрэндээ түйртэж стрессдэж байгаа хэсэг байна. Эсвэл өнгөрсөн хугацаанд амьдралдаа хийсэн алдаа эндэгдлээ давтан, бодохоос гадна амьдрал дуусч байгаа мэт авирлаад улам стрессдэж байгаа хэсэг хүмүүс ч байна. 
Тэгэхээр хүмүүс маань өөрийнхөө дуртай зүйлээ хийж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж, энэ амьдралдаа “талархаж” чаддаг байх ёстой. Талархах гээд ярихаар хэт шашных мэт сонсогдох байх л даа. Христийн шашин гэхэд л талархал гэж их ярьдаг. Аливаа зүйлд сайн муу тал бий. Бид тэднээс нь шүүн цэвэрлээд, өөрт хэрэгцээтэй зүйлээ авч, тусган хэрэгжүүлж байх хэрэгтэй. Энэ бол миний бодол шүү. 
Бид одоо эд эрхтэн бүрэн, бие эрүүл байна. Амьдрал зогсох гээд, хэвтэрт байгаа биш шүү дээ. Бидний амьдрал хэвийн л явж байна. Гэтэл ажил олдохгүй байна гэж бухимдаад, архи дарс уугаад өөрийнхөө байдлаа хүндрүүлээд явдаг. Тэгэхээр хүн байгаадаа талархан амьдрах буюу өөрийнхөө хийж чадах, дуртай зүйлээ хийж байж хүн нийгэмд стрессгүй амьдардаг гэж боддог. 
Өнөөгийн нийгэмд иргэдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх ямар зүйлс байгаа вэ? 
Хүн эерэг энергитэй, эерэг сэтгэгдэлтэй л амьдрах ёстой. Өнөөдөр энэ ажил бүтэхгүй дээ гээд бодоод гарсан ч гэсэн “заавал бүтнэ, би чадна, би үүнийг хийнэ” гэж эсрэгээр нь өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл. Ингэж байж л хүн өмнөө байгаа зүйлээ даван гарч чадна. 
Бидний амьдарч буй энэ хорвоод шийдэгддэггүй асуудал гэж байхгүй гэж ярьдаг шүү дээ. Бүх асуудал шийдвэрлэгддэг. Цаг хугацаа юмуу тодорхой хэмжээний нөхцөл л шаарддаг болохоос биш. Нэг зовлонтойгоо явсаар байгаад дуусдаг хүн гэж байхгүйтэй адил бүх асуудал шийдэгддэг юм. Хичнээн зовлонтой хүн байсан ч үр хүүхдээ, инээдтэй зүйл хараад инээдэг шүү дээ. 
Иймд хүмүүс маань өөрийнхөө сэтгэлийг тайван байлгах тэр зүйлсийг хийж сурах нь чухал. 
Тодруулбал яг ямар зүйлс хүнийг тайван байхад нөлөөлөх вэ? 
Хүн өөрөө өөртэйгээ яриад үзэх хэрэгтэй. Хэрвээ надад байр орон сууц байхгүй гэж үзье. Гэхдээ би хашаа байшиндаа галаа түлээд дулаахан амьдарч байна. Бага цалин авч байна гэж байгаа ч ажилгүй хүний дэргэд сайн муу хөдөлмөрлөөд цалин авч байна. Чамд очоод инээгээд ярих хамт олон, байгууллага чинь бий. Чи тэрний ачаар хүссэн зүйлээ худалдаж аваад, хүнээс хараат бус байж чадаж байна шүү дээ. Энэндээ хүн талархаж явах ёстой. 
Мөн би өнөөдөр хүнд өвчтэй хэвтэж байсан бол яах вэ? гэх мэтээр өөрийгөө хэцүү, муу яваа бусадтай харьцуулан “Би хажууд нь сайхан байна” гэдгээ мэдэрч байх ёстой юм. 
Мөн “өнөөдрөөрөө амьдар” буюу чамд юу хийвэл таашаал, аз жаргалыг өгч байна. Тэр л зүйлээ хийж амьдар. Тэгвэл хүний сэтгэл санаа тайван сайхан, зөөлөн, урамтай байж чаддаг. 
Түүнчлэн өөрийгөө сайн чагнаад үз. Өөрийгөө, биеэ хэр их зовоож, баярлуулаад байна вэ гэдгээ бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс зовоосон нь их болох гээд байдаг. Тэгвэл тэр зовлонгууд чинь юу вэ гэдгээ дахиад бодоод үз. Ингээд үзвэл ихэнхи нь зохиомол зовлон болчихсон байдаг. Бодит зовлон бол ердөө л өвчин байдаг. Харин бусад нь сэтгэл санааны түр зуурын тавгүй байдал юм. Хэрвээ тэр тавгүй байдлаа хэт их хөгжүүлээд автаад байвал гарцгүй болсон мэт мэдрэмж, мэдрэхүй төрөөд байдаг. Иймээс тэр мэдрэмжүүдээсээ ангижрах нь чухал. Дуртай хөгжмөө сонсоод алхах гэх мэт. 
Гэтэл хүмүүс дуртай зүйлээ хийхээ мартах хүртлээ стрессдсэн байдаг. Ингэснээр хүн юу ч хийсэн урамгүй, сэтгэл гутралын байдалтай болчихдог юм. Иймд өөрийгөө сэргээн, өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсож, өөртэйгөө тулж ажиллах хэрэгтэй. 
“Тархиа кодлох” гэх ярьдаг шүү дээ. Энэ талаар та дэлгэрэнгүй ярьж болох уу? 
Хүний уураг тархи 90 хоног дотор нэг зүйлийг давтамжтай бодох үед тэр зүйл нь кодлогддог юмаа гэдэг. Код гэдэг нь юу юм бэ гэхээр би ийм тийм гээд өөрийнхөө үзэл бодолд автахыг хэлээд байгаа юм. Жишээ нь: Архичин гэж нэр томъёог цаанаас нь гаргаж ирчихээд архины хэтрүүлэн хэрэглээтэй, эмгэгтэй хүнийг архичин гээд нэрлэчихлээ. Гэрийнхэн нь бүгд архичин гээд элдвээр хэлж, хараан зүхдэг. Тэгэхээр нөгөө хүн нь өөрийгөө “би архичин” гээд л тархиндаа кодлочихдог. 
Гэтэл “чи архичин биш, эмгэгтэй хүн. Энэ чинь эдгэдэг юм. Хамтдаа бие сэтгэлийн байдлаар ингэж даван туулна” гээд яриад эхлэхээр тэр хүмүүс урам ордог. Манай эмчилгээний хүмүүс ч тэгэж явдаг. Тэд хичнээн жил архи ууж, хэр их орсон ч гэлээ архинаас гардаг шүү дээ. Ийм учраас хүн өөрийгөө сонсож, итгэл үнэмшилээ олж авч чадсан учраас цаашаа явдаг. Харин тэр итгэлээ олж аваагүй хүн сарниад л яваад байдаг. Тиймээс хүн өөрийгөө зоригжуулах, өөдрөг байлгахын тулд “Амжилтын 5 тарни”-г унших хэрэгтэй гэж сэтгэл зүйчид хэлээд байгаа. 
Жишээ нь бүтэхгүй гэж бодсон зүйлээ “заавал бүтнэ, амжилттай байх болно, өнөөдөр миний хамгийн жаргалтай өдрүүдийн нэг байх болно” гэж бодох хэрэгтэй. 
Хүний амнаас гарсан үг эргэж чихэнд сонсогдоод хүний тархинд хүрэхдээ бодол биш үг болдог. Тийм учраас чангаар сайхан зүйлсээ хэлж байх хэрэгтэй юм. Үгийг тархи сонсоод авахаараа үйлдэл болдог. Харин үйлдэл нь хэвшил болдог юм. Иймээс би бүтэлгүй, азгүй гэж ярихгүй өөдрөгөөр бүтэлгүйтэл минь дуусч байгаа гээд өөрийгөө зоригжуул. Тархи энийг сонсоод ажилдаг юм. Хүн өөрийгөө урамшуулж, хөгжүүлэн, сайн энергийг бий болгох тухайгаа бодох хэрэгтэй. 
Би бол өнгө өнгийн гоё үнэртэй лаа асаагаад суувал тайван мэдрэмж төрдөг. Хүн дуртай зүйлээ хийн, тархиндаа сайхан мэдээлэл очтол хийх хэрэгтэй байдаг юм. Ингэж байж л тархиндаа сайхан зүйлийг кодлоно. 
Тан дээр маш олон зовлонтой, сэтгэл нь гэмтсэн хүмүүс ирдэг. Тэгвэл тэр олон хүний зовлонг сонссоны дараа таны сэтгэлд тодорхой хэмжээний хүнд нөлөөлөл байж магад. Тэр зүйлийг яаж даван гардаг вэ?
Хүмүүсийн зовлон сонсоод “яана аа ийм амьдрал бас байдаг аа?” гээд бодож болно. Гэхдээ энэ бол миний ажил. Хэрвээ гэр бүлийн гишүүнд минь таагүй зүйл тохиолдвол би тэрийг зүрхээрээ хүлээж авна. Харин хүмүүсийн ярьж буй зовлонг би тархиараа хүлээж авдаг юм. Би хүний яриаг сонсоод дагаж уйлаад, хямраад байдаггүй. 
Мэдээж хүн юм чинь сэтгэл тавгүй болох үе байна. Энэ үедээ би өөрийнхөө дуртай зүйлсээ хийдэг. Нөгөө дуртай лаагаа асаадаг. Гэхдээ намайг зорьж ирсэн хүмүүс их азтай. Тэд гарах гарцаа хайж байхдаа нэг шат ахидаг юм. Над дээр ирсэн хүмүүс маань өдрөөс өдөрт нүдэнд нь цог цацраад, жавхаажиж, өөртөө итгэлтэй болж байгааг харахад надад эргээд засал минь болж байдаг. 
Та олон өнгийн лаа асаадаг гэж хэд хэд хэллээ
Тийм ээ. Энэ бол миний дуртай зүйл. Гал гэдэг бол орчин тойрноо ариусгаж байдаг зүйл юм. Хүн гал хоёр бол байгалын бүтээгдэхүүн. Гал гэдэг бол хүнд байгаа хүч энергийг сэргээж байдаг гэж уншиж байсан. Энэндээ ч итгэдэг. Би өнгө өнгийн лаа асаачихаар эмнэлэг маань цэвэр ариун, муу юм ирж наалддаггүй гэж итгэдэг хүн. Ер нь өдөртөө 10-15 минут лаануудаа асаадаг. Энэ нь миний ажлыг амжилттай байлгадаг гэж өөрийгөө кодлосон хүн юм. 
Та манай уншигчдад хандаж үг хэлнэ үү?
Хүн өөр өөртэйгээ маш сайн ярилцаж сурах хэрэгтэй. Яг өөр хүнтэй ярьж байгаа юм шиг. “Чи яагаад байна вэ? Юунд зовоод байна?” гээд толинд хараад өөртэйгээ ярих хэрэгтэй. Өөрийгөө сайн хар. Хэрвээ чи өөртэй таалагдахгүй байвал “яагаад” гэдгээ дахиад олох хэрэгтэй. Яавал чи өөртэй таалагдахаа хийгээд дараа нь толинд хар. Өөртэй таалагдаж байна уу? 
Хэрвээ толинд хараад өөртэй таалагдахгүй байвал сэтгэл гутралтай байгаагийн л шинж. Бүдүүн нарийн, нүүрээ будсан будаагүй хамаагүй нүд л хүнийг хэлдэг. Иймд өөрөөсөө бүх зүйлээ хайгаад даван туулахыг хичээ. Чадахгүй бол сэтгэл зүйчид очих хэрэгтэй. Тэд хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно. 
Хүн бүхнийг мэдээд байгаа юм шиг хэрнээ цэгцтэй мэдээллийг өгөхөөр илүү сайн ойлгодог. Харин зарим хүмүүс стрессдсэн үедээ амттан, шоколад иддэг нь үнэн. Ямар нэгэн юм хиймээр, идмээр санагддаг. Тийм болохоор хүмүүс стресстэй хүн таргалдаг гэж ярьдаг шүү дээ. Учир нь хүн стрессдэхээрээ идэж эхэлдэг нь бас нэг буруу, гаж сонирхлыг бий болгодог юм. 
Харин хүмүүс их ядарсан үедээ ганцхан ширхэг хар шоколад идвэл сэргэдэг. Гэхдээ энийг хэт их идвэл дараа нь дахиад гай болно. Тодорхой хэлвэл, аливаа зүйлийн тун хэтэрвэл хор болно гэдэг дээ. Иймд хэмжээнд нь хийж, өөрийгөө чагнаж сурах хэрэгтэй. 

Хүнд ажлын, мэдлэг боловсролын, гэр бүлийн гэх олон орчин нөлөөлдөг. Тэгээд аль талд нь асуудал байгааг олоод хэрхэн тайвширах вэ гэдгээ олж байх ёстой. Ер нь бол өөртөө тохирсон аргаа л олох хэрэгтэй юм.

Comments