Л.Намуун: Би ишигний эмээр эмчлэгдэж байсан хүн.

Эрүүл мэндээ хамгаалах тухай энгийн зөвлөмжийг бусдад хүргэх зорилготой “Туршлага” булангийн маань эхний дугаарт сэтгүүлч, зохиолч Л.Намуун уригдан оролцлоо. 2010 онд би түүний “Охины минь дурлах залууд илгээх захидал” өгүүллэгийг жоохон өөрчлөөд “Хүүдээ дурлах бүсгүйд илгээх захидал” гэж болгож бичээд, түүнээс томоохон банга хүртэж билээ. Унших байтугай, хуулбарлах хүсэл өдөөмөөр гайхалтай бүтээлүүдтэй зохиолчтой хийсэн өгөөжтэй ярилцлагаа хуваалцъя. Анхны ярилцлагыг маань маш сонирхолтой, өгөөжтэй, хөгжилтэй, түүнчлэн шинэ санаагаар дүүрэн байлгасан түүнд маш их талархаснаа илэрхийлье. 



Та хэвийн амьдралынхаа нэг өдрийг тодорхойлохгүй юу? Хэдэн цагт босдог, яаж хооллодог гэх мэт?

Өглөө 7 цагт босно оо. Хоёр бага хүүхдийнхээ цай унд, хувцас хунарыг бэлдэж өмсгөөд аавд нь хөтлүүлээд гаргана. Ард нь аавынх нь ундыг бэлдэж хамт цайлчихаад уулзалт болзооны товлосон цаг байвал явна. Байхгүй бол хэдэн дасгал хийчихээд орон гэрээ онгойлгож, шуудан захидлаа шалгана. Тэгээд ном унших, юмаа бичих, эсвэл оёод суучихна даа. За тэгээд оройн хүүхдүүд цуглахад хоол унд гээд бужигнана. Тэднийхээ хоолыг уулгаж, идүүлчихээд фитнесстээ явна. Эргэж ирээд хүүхдүүдийнхээ зурсан бичсэнийг үзэж харж, урсан асгасныг эмхлүүлээд, угааж цэвэрлээд оронд нь оруулна. Ганц нэг үлгэр дуудаж өгөөд зүүдний хаалгаар оруулж өгөөд, ном байвал уншаад байхгүй бол нүүрном, мэйлээ шалгаж хариу нэхсэн хайрын захиануудад үгээ дайгаад хүүхдүүдийнхээ араас явна даа. Амралтын өдрөөр бол айл хунараар орж цай ууна, гэр бүлээрээ салхинд гарна. Эсвэл ганцаараа энэ тэрүүгээр зугаалж, зураг хөрөг дарсан шиг өнгөрүүлээд, угааж арчих, оёж шидэх, бичиж эмхлэх ажлаа хийж аваад шинэ долоо хоногруугаа шумбана. 

Хэт ядарсан ч гэсэн яаралтай чухал ажилтай үе хүнд байдаг. Тэр үеийн ядаргааг яаж тайлдаг вэ?

Би 7 хоногт 3 удаа фитнесст, нэг өдөр нь гар урлалын дамжаанд, нэг өдөр нь ярианы цуглаанд явдаг юм. Ядрахын хувьд өдөр бүр л ядардаг дөө. Гэхдээ би бичих л дуртай. Бичээд суухаар ядаргаа тайлагддаг. Эсвэл бясалгал хийдэг. Амьсгалын дасгал гэх юм уу даа. Хөгжим сонсонгоо амьсгалын дасгал хийхээр өөр ертөнцийн үүд хаалга хавиар хийсч байгаад ирэх шиг болдог. 

Та болон таны гэр бүлд эрүүл мэндийн асуудал гарахад хамгийн түрүүнд хэнд ханддаг вэ? Яагаад?

Хамгийн түрүүнд өөрөө ажиглана. Тэгээд ойр зуурын ханиад томуу, илт мэдрэгдэхээр хөнгөн асуудал байвал өөрөө домоо барина. Гэхдээ энэ тал дээр манай нөхөр надаас хамаагүй дээр. Ядаж л эмийг нь цагт нь уулгах тал дээр цагийн сэрүүлэг шиг жан жан хийхээ мартахгүй. (инээв) Тэгээд өвс ногоо, жимс сүүгээ буцалгаж бэлдээд, хүүхдүүдээ арчлах тал дээр надаас илүү мэдлэгтэй. 

Та хооллолтын ямар нэгэн дэглэм барьдаг уу? 

За бараг үгүй. Гэхдээ газтай юм уу, хийжүүлсэн ус ундаа бол огт хэрэглэхгүй. Манай гэрт энэ хориотой асуудал. Бас гоймонгоос нилээн дөлдөг. Оройн хоолыг бол манай том охин бид хоёр бараг иддэггүй. Нарийхан хүмүүс нь сайн идэж, бондгорууд нь хойшхоноо суугаад байцаа, лууван, алим, тарагханаар аргална даа. Долоо хоногийн 3 өдөр тахиа өндөг гээд хөнгөн чанарын хоол хийдэг. 

Та спортын ямар нэг төрлөөр хичээллэдэг үү? Тийм бол хаана вэ?

Гэртээ л ойр зуурын дасгал хийнэ. Уг нь байт харваагаар хэсэг их дуртай, хичээллэж байгаад бэртлээс болоод больсон. Уг нь хараа сайжирна, нуруу цэх болно, анхаарал төвлөрч, гярхай болгодог гээд маш хэрэгтэй спорт. 

Уурлаж бухимдсан үедээ сэтгэл санаагаа тайван байлгаж, стрессээс ангижрахын тулд юу хийдэг вэ?

Зургийнхаа аппаратыг бариад гараад гүйчихдэг. Дуран шагайгаад явахад яг л нум татаж байгаа юм шиг төвлөрөөд, орчноо мартаад сайхан онгойно. Эсвэл хамгийн итгэлтэй нэг сайн ах маань байдаг юм. Ахтайгаа уулзаад орчлонгийн хамаг явдлын тухай буу халсан шигээ, хийсэн хоолыг нь цохиж өгөөд гарахад ч ёстой улаа бутраад л харина даа. 

Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн тухай таны хэрэглээ ба бодол?

Сардаа нэг удаа усаар цэвэрлэгээ хийдэг. Буцалсан халуун ус лемон ахиухан ууна. Энэ нэмэлтдээ орохгүй бол хэрэглээ огт байхгүй гэсэн үг дээ. 

 Танд хаях бодолтой муу зуршил байдаг уу

Байдаг ш дээ. Хэлэхгүй ээ. (Инээв) 

Таныг эрүүл амьдрахад яг юу саад болж байгаа гадаад орчны нөлөөллийн тухай бодлоо хэлнэ үү? 

Мэдээж агаар, утаа. Хамгийн гол нь хүмүүсийн харилцаа. Хүмүүсийн харилцаа эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлдөг зүйл. Тааламжгүй орчин нөхцөлд хүн байнга бухимдана. Тэрнээс үүдээд стресстэж, толгой тархи, зүрх судасны өвчлөл үүснэ. Хамгийн гол хайрладаг эрхтэн хамгийн их гэмтдэг. Ард Галсансүхийн нэрлэсэн тэр эрхтэн шүү дээ.

Та эрүүл мэндтэй холбоотой мэдээ мэдээллийг хаанаас авдаг вэ? Энэ төрлийн мэдээ мэдээлэлд хэр ач холбогдол өгдөг вэ?

Эрүүл мэндийн албан ёсны сайтууд, мөн уламжлалт эмчилгээний зөвлөмжүүдийг их уншдаг. Заримыг нь хадгалчихдаг болохоор мэдээлэл нь байнга ирдэг. Манай хадам ээж их сайн домч хүн. Хадам ээжээсээ их асууна. Манай дүү бас өрнө, дорныг хослуулсан сайн эмч. Дүүтэйгээ бас их ярилцдаг. 

Энэ онд тавьсан эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн зорилт бий юу?

Энэ оны хувьд бол илчлэгээ алдахгүйгээр тогтмол хөлсөө гаргаж, цагийн аясаар довтолгон ирж байгаа хөөнгө, хөшингөтэйгөө тэмцэж, цусны эргэлт, биеийн эсэргүүцлээ сайжруулах хөдөлгөөнийг амьдралын хэвшил болгохоор тууштай зүтгэж байна. Амжилт өндөр байгаа шүү. 

 Таны хувьд бусдад өгөх эрүүл мэндийн цорын ганц алтан зарчим юу байх вэ?

Намайг төрсний дараа хадам ээж “Сэвх толбо үлдэхгүй” гэж нэг тос авчирч өгсөн. Тэгээд түрхээд л байлаа. Үнэхээр төрсний дараах сэвх үлдээгүй. Тэгсэн тэр нь манай Монголчуудын дээхнэ үед хэрэглэдэг байсан дэлэнгийн тос гэдэг нь юм билээ. Тэрнээс хойш төрөх бүртээ хадмууддаа захиж, олж ирж, түрхдэг болсон. 

Арай л илэн далангуй байна уу даа. Хөөрөөд бас нэг нууц дэлгэе. Ээж маань “Жирэмсэн болсон үедээ сүүлний тосоор бүр жижиг байхаас нь эхлээд уйгагүй тосолж бай” гэж хэлдэг юм. Тослоод л байна. Гэдэс томроод ирэхээр нөхөр маань уйгагүй тосолж өгнө. Энэ үнэхээр гэдэсний язралт үүсгэдэггүй юм байна лээ. Дөрвөн хүүхэдтэй ээжийн амьдрал дээр бодитоор хийсэн туршлага шүү. 

Нээрээ нэг хөгжилтэй зүйл яръя. Зүгээр л хөгжилтэй болгож ярьж байгаа шүү. Хоёулаа дараа нь хэрэгт орох вий. Тэр жил нэг эдгэж өгдөггүй ханиад дэлгэрэв ээ. Нэг удаа хадам аав дээр бүгшүүлсээр ортол хадам аав харж байснаа нэг жижигхээн эм өгсөн. Хариад унтахынхаа өмнө, өглөө босоод уугаарай гээд дахиад хоёрыг өглөө. Аваад л уучихлаа. Ханиад нам шүү. Дараа нь “Надад та юу өгчихөв?” гэсэн чинь “Аан тэр үү? Ишигний эм. Сүүлийн үеийн ханиадны нянгууд хүн шиг сэтгэдэг болчихсон. Чамайг юу уудгийг ч мэдэж байгаа. Тэгэхээр нь гэнэдүүлж байгаад тооцоонд байхгүй арга хэрэглэж үзвэл яадаг бол? гээд дүү дээр чинь туршсан чинь болж байна лээ.” гээд хөхрөөд байгаа юм. Энийг зүгээр хөгжилтэй болгож ярьж байгаа болохоос зөвлөж байгаа хэрэг биш шүү. 


Та дараагийн дугаарт хэнийг оруулахыг хүсч байна вэ?


Яг тэр энэ гэсэн хүн алга. Хоолны талын хүн оруулбал зүгээр. Тээр жил би нэг хүнсний технологийн коллежийн захиралтай ярьж байхад хоолны тухай маш сонирхолтой юм ярьж байсан. Манай эрчүүд бүгд шахам ходоод, түрүү булчирхай, элэгний эмгэгтэй байна гээд судалсан чинь манай гурил, мах, тосоор зодсон хэт их порцтой хоол, байнгын хэтрүүлсэн уулт идэлттэй шууд холбогдоно. Манай савласан сүүнүүд бүгд гэдэс дүүргэнэ. Гурил, гурилан бүтээгдэхүүнүүд ч ялгаагүй. Хүнсний бүтээгдэхүүний хяналт маш чухал байна. Жишээ нь би гаднаас оруулж ирж байгаа Йогуртнуудыг шууд л нярайдаа өгчихөж байгаад их эмзэглэдэг. Энэ их аюултай. Йогурт бол дотроо амьд бактери тээдэг тэжээл. Тэд нар нь амьд байхад л хэрэглэх ёстой. Гэтэл манайд зарагдаж байгаа йогуртнууд хаанаас, ямар нөхцөл, хэдий хэр хугацаа зарцуулж авчирсан нь мэдэгддэггүй. Бараг сар болж ирдэг байх. Хар ухаанаар бодоход бараг л үхсэн бактериуд нь буцаж амилаад вампир шахам болчихсон. Тийм л юмыг дөнгөж төрсөн нярайнууддаа өгөөд байгаа юм. Тийм учраас хүнсний салбарын хүмүүсийг оруулвал зүгээр. 

Comments