Б.Мягмар: Жирэмсэн эх Витамин D-г зохистой хэрэглэх нь ирээдүйд төрөх хүүхдийнхээ шүдийг цоорлоос урьдчилан сэргийлж буй нэг хэлбэр юм

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэлхий нийтийн Амны хөндийн эрүүл мэндийн сангаас гаргасан судалгаагаар сургуулийн хүүхдийн 60-90-ийнх нь шүд хорхойтдог гэх дүгнэлт гарчээ. Мөн дэлхийн хүн амын 65-74 насны хүмүүсийн 30 хувь нь бүх шүдээ авахуулсан байдаг аж.
Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн 90 хувь нь амны хөндийн эрүүл мэндийн асуудалтай байдаг. Энэ нь Бразил улсад хамгийн бага болох 33 хувьтай байдаг аж. Тэдний есөн хувийнх нь шүд хорхой идсэн гэх тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Мөн АНУ-ын хэмжээнд шүдний өвчний улмаас хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орох тохиолдол байдаг аж. Учир нь ихэнхи сургуулийн шүдний эмч нар хичээлийн цагаар ажилладаг учраас юм. Иймд 100 мянга орчим сурагч 117 мянган цагийн хичээлээс хоцорсон байдаг аж.

Харин манай улсын хэмжээнд шүдний өвчлөл хэр байгаа тухай судалгааг  Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нүүр, ам судлалын сургуулиас 2004 онд гаргачээ. Уг судалгааны дүнд 5-6 насны хүүхдийн 80,1 хувь, 12 настай хүүхдийн 62 хувь нь шүд цооролттой байжээ. Мөн 18 настай хүүхэд дунд 67,5 хувь нь бүрэн шүдтэй байна гэсэн судалгаа байгаа аж.
Түүнчлэн амны хөндий дэх бактериуд цоорол, буйлны үрэвсэлд нөлөөлөхөөс гаднө нь тухайн хүний зүрх судасны, үе мөчний өвчлөл үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог аж. Мөн шүд цоорлын эмгэгийг үл тооснооор хүндэрч нэвчээс буглаа үүсч, энэ цаашлаад хүний амь насанд хүртэл аюул учрах эрсдэлтэй юм байна. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдэд ч бас эрсдэл учирдаг. Тэд амны хөндийн эрүүл ахуйг дутуу сахиж цаг тухайн үед нь  эмчилгээ, үйлчилгээ хийлгээгүйн улмаас дутуу төрөх, ураг зулбах хүртэл эрсдэл гардаг байна.

Иймд шүдний цооролтоос хэрхэн сэргийлэх талаар Гоё Дент шүдний эмнэлгийн эмч, АУ-ны магистр Б.Мягмар ярилцлаа.


Шүдний цоорол гэж юу вэ?
Шүдний цоорол гэдэг нь шүдний хатуу эд болох хамгийн гадна талд байрлах паалан, мөн тугалмай буюу паалангийн доод талын хэсэгт бүтцийн алдагдал үүсч байгаа эмгэг юм. Энэ процесс нь тодорхой төрлийн бактеруудын нөлөөгөөр үүсдэг. Эдгээр бактерийн ялгаруулж буй хүчлийн нөлөөгөөр паалангийн эд болон дентиний хэсэг гэмтэснээр цоорол үүсдэг.

Ямар шалтгааны улмаас шүд цоордог вэ?
Амны хөндийн шүдний эдүүдэд эрдэсжих, эрдэсгүйжих гэсэн процес ээлжлэн явагдаж байдаг. Эрдэсгүйжих нь шүдний хатуу эдийн алдагдалд хүргэдэг бол эрдэсжих нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх үйл явц юм. Энэ тэнцвэрт байдал алдагдсанаас цоорол явагддаг.
Эрдэсгүйжих процест-амны хөндийн эрүүл ахуй хангалтгүй байх тэр дундаа шүдээ угаахгүй байх, нүүрс устай, чихэрлэг хүнс байнга хэрэглэх. Бид хоол хүнс ялангуяа нүүрс ус ихтэй, чихэрлэг зүйлс идэх үед амны хөндий, шүдэн дээр өнгөр үүсдэг. Тэр өнгөр дээр бактерууд сууснаар өнгөрийг идэж, энерги авдаг гэсэн үг. Ингэснээр өөрөөсөө хүчил ялгаруулдаг юм. Харин ялгарсан хүчил нь шүдний хатуу эдийг гэмтээж цоорол үүсгэдэг.
Харин эрдэсжих процест шүд угаалт болон шүлсний тусламжтайгаар өөрөө өөрийгөө цэвэрлэх байгалын процес юм. Цаашлаад хүүхдийн шүдний эрдэсжилт хангалттай сайн явагдаагүй байх нь шүдний цоорол эрчимтэй явагдах нөхцлийг бүрдүүлдэг

Шүд цоорсноор хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Цоорлыг цаг алдалгүй эмчилж бактерийн хор нөлөөг арилгахгүй бол бусад шүднүүддээ нөлөөлдөг. Мөн цоорол удаан явбал цаашлаад шүдний судас мэдрэлээр баялаг зөөлөн хэсэг болох зөөлцийг цаашлаад шүдийг түүшин ястай холбож байдаг холбоос эдийн үрэвсэлээр  хүндрээд явдаг. Үүнийг эмчлэхгүй удвал эмгэг нь улам хүндэрч хавдаж буглаа нэвчээсээр даамжирдаг юм. Буглаа нэвчээс гэдэг бол бактерийн нөлөөгөөр үүсэж буй идээт үрэвсэл энэхүү идээт үрэвсэлийн эмчилгээнд цаг хугацаа алдвал бактериуд цусаар эргэлдэж цусан үжил үүсэх өндөр эрсдэлийг дагуулдаг, цусан үжил нэгэнт бие махбодиор тархвал амь насанд ч аюултай. Амны хөндийд өнгөр байнга үүссэнээс буйлны үрэвсэл ч мөн үүсдэгs. Мөн буйлны үрэвслийг ч үл тоож болохгүй. Учир нь энэ ч бас бактерийн нөлөөгөөр үүсдэг тул хялгасан судасаар баялаг энэ хэсгээс цусаар дамжин зүрх судасны системээр дамжин бусад эрхтэн системд нөлөөлдөг.

Зарим бие давхар эмэгтэйчүүдийн амны хөндий асуудалтай байдаг шүү дээ.
Манай улсад олон хүн шүд цоорлыг үл ойшоосноор өвчнөө хүндрүүлж ирдэг. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд амны хөндийн халдвараа үл тоон, орхиж болохгүй. Эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо өмнө амны хөндийгөө маш сайн эрүүлжүүлэн, цоорол, буйлны үрэвслээ эмчлэх ёстой. Жирэмсэн болсон бол буйлны үрэвсэл болон цоорлуудаа цаг алдалгүй сайн эмчлүүлэх хэрэгтэй хамгийн тохиромжтой хугацаа бол дунд 3 сар байдаг. Хэрэв эмчлүүлээгүй тохиолдолд цусаар эргэлдэж байгаа бактерийн халдвар эхэсээр дамжих аюултай юм. Ингэснээр дутуу төрөх, зулбах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шүдний цоорлоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Шүдээ тогтмол фтортой оогоор угаах, өглөө оройдоо хоол идсэний дараа хоёр удаа шүдээ угааж, шүдний утас болон шүдний завсар цэвэрлэгчээр шүд хоорондохоо цэвэрлэх хэрэгтэй. Хоол хоорондын амттангаа хязгаарлах ингэснээр шүлсний өөрөө өөрийгөө цэвэрлэх нөхцлийг дэмжинэ. Энэ үед нь чихэрлэг, нүүрс ус ихтэй зүйл ар араас нь идээд байвал шүлсний орчин өөрчлөгдөж амны хөндий өөрөө өөрийгөө цэвэрлэж чадахгүйд хүрнэ. Түүнчлэн шүдэн дээр үүссэн өнгөрийн нөлөөгөөр цоорлыг эрчимтэй явуулна.
Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 1-2 удаа шүдний эмчид үзүүлэн, хянах, фтортой түрхлэг түрхүүлэх хэрэгтэй.
Мөн хүүхэд багачуудын дунд шүдний цооролт их түгээмэл байдаг шүү дээ. Дэлхийн зарим өндөр хөгжилтэй орнуудад хийгдсэн судалгаанаас харвал, “Цоорол ихтэй хүүхдүүдийн цусан дахь Витамин D маш дутагдалтай байдаг. Харин нар их гардаг, дулаан бүсийн орнууд буюу Витамин D-ний түвшин харьцангуй өндөр орнуудын хүүхдүүд шүд цооролтод бага өртдөг” гэсэн судалгаа бий.
Тэгэхээр Витамин D-ний үүрэг нь өөрөө шүдний хатуу эдийн эрдэсжилтэнд оролцдог кальц болон фосфорийг шимэгдүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Витамин D хангалттай байвал кальц, фосфор нь сайн шимэгдэж шүдний хатуу эд маань эрдэсжилт сайн байна гэсэн үг юм. Иймээс Витамин D-ний хэрэглээ нь шүд төдийгүй хүний бие махбод, ясны сийрэгжилт цаашлаад дархлааны системд чухал үүрэгтэй юм.
Мөн хүүхдийн сүүн шүдний эрдэсжилт нь эхийн хэвлийд байх үеэс явагддаг. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд маань Витамин D-г зохистой түвшинд хэрэглэснээр өөрийнхөө төдийгүй ирээдүйд мэндлэх үрийнхээ ясны, шүдний эрсдэлжилтэнд чухал нөлөө үзүүлэх юм.

Шүдний цоорлыг эмчлэх ямар төрлийн аргууд байдаг вэ?  
Эмчилгээний хувьд цоорлын үе шатнаасаа хамаараад арга барил нь өөр болдог. Хэрвээ цоорол эхлэн цайвар толбо үүсч байвал амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиж, тогтмол угааснаар эрсдсээ алдаж буй паалангийн эд нь буцаж эрдэсждэг юм. Мөн энэ үед шүдний эмнэлэг дээр очиж фтортой түрхлэг түрхүүлэн эрдэсжүүлэх эмчилгээ хийлгэж болно.
Харин нэгэнт паалан тугалмайн түвшинд алдагдал үүсч, цоорол үүсчихвэл зөөлөрч муудсан эдүүдийг аван, ломбо тавих хэрэгтэй юм.

Та сая шүдний утас хэрэглэх гэж ярьлаа. Уг аргийн үр дүнгийн талаар ярьж болох уу?
Шүдний цоорол ихэвчлэн өнгөр ихээр байрладаг шүдний ховил хонхор болон шүд хоорондын түшилцэх гадаргад үүсдэг. Шүд хоорондын тэрхүү түшилцэх гадаргийг шүдний утасны тусламжтайгаар цэвэрлэдэг.
Ингэснээр шүдний хооронд цоорол үүсэх эрсдлийг бууруулах боломжтой. Шүдний утаснууд болон завсар цэвэрлэгч сойзнууд нь манай улсад түгээмэл бөгөөд бүх л супермаркетад бий.

Энэ аргийг хэрхэн хэрэглэх тухай ярьвал?
Эмчилгээний болон өдөр тутмын энгийн утаснууд байдаг. Жишээ нь буйлны үрэвсэлтэй хүмүүст зориулсан Paradontax гээд оо, шүдний утас, сойз байдаг. Мөн лавтай, лавгүй гэж дотор нь хуваагддаг. Түүнчлэн утсаар хэрхэн шүд завсраа цэвэрлэх бичлэгүүд үзэх болон эмчээр заалган, зөвлөгөө авах хэрэгтэй.

Хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Хүмүүс хэрхэн зөв хэрэглэхээ мэдэхгүй шүдний утсаар буйлаа зүсэн, цус гаргах тохиолдог гардаг уу?

Тийм зүйл гарч болзошгүй тул шүдний эмчээс хэрэглэх зааврыг нь сайн заалгах хэрэгтэй. Хамгийн чухал нь шүдний зориултын утсаар цэвэрлэх хэрэгтэй шүү. Зарим хүмүүс энгийн утсаар цэвэрлэж байгаад тасрах юм бол авагдахгүйгээр үлдэх тохиолдол байдаг юм.

Та манай уншигчдад хандаж үг хэлнэ үү?
Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Ийм болохоор амны хөндийн эрүүл ахуйгаа сайн сахиж байгаарай. Жилд 1-2 удаа шүдний эмчийн хяналтанд орон, үзүүлж байгаарай гэж зөвлөе дөө.


Ярилцсан танд баярлалаа.

Ярилцсан: Б. Номин-Эрдэнэ 

Comments